0

Уран цөмийн сайн сайхныг магтан дуулагч- Монгол Америкийн Шинжлэх Ухааны судалгааны төв гэгч ямар байгууллага бэ?

Цөмийн энергийн газар, МОН-АМЕ шинжлэх ухааны төвөөс хамтарч , саяхан сэтгүүлчдэд зориулсан 2 хоногийн сургалтыг зохион байгууллаа.

Харин энэ “МОН-АМЕ ШИНЖЛЭХ УХААНЫ ТӨВ “ гэгч  юу хийдэг ямар байгууллага бэ?

Энэ байгууллагыг  үүсгэн байгуулагчид болох  А.Ундраа, түүний нөхөр Д.Дашдорж нар нь  Монгол улсад  “ гадны цөмийн хог хаягдал булшлах “ санал  санаачлага гаргаж , санамж бичиг, гэрээ хэлэлцээр хийсэн  гэж Монголоор  нэг шуугиан дэгдээж, олон нийтийн айдас, түгшүүр, зэвүүцэл дургүйцэл төрүүлсэн хүмүүс гэдэг  утгаар нь  сонирхол татахгүй байхын аргагүй юм.

Энэ байгууллагын  талаар олон нийт төдийлөн нарийн мэдэхгүй.

“МОН-АМЕ ШИНЖЛЭХ УХААНЫ  СУДАЛГААНЫ ТӨВ “ нь  2007 онд байгуулагдсан төрийн бус байгууллагын статустай юм байна.

Үүсгэн байгуулагчдын бүрэлдэхүүнд Монголын болон Гадаадын тэргүүлэгч эрдэмтэд багтжээ.  МОН-АМЕ ШИНЖЛЭХ УХААНЫ  СУДАЛГААНЫ ТӨВ нь Монголд шинжлэх ухааныг сурталчлан  хөгжүүлэх, маш олон салбарт судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа явуулдаг,  залуучуудыг хамруулж, цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүч, байгаль орчны тогтвортой байдал, эрүүл мэнд,  боловсрол  гээд өргөн хүрээг хамран үйл ажиллагаа явуулдаг ажээ.

Ялангуяа Америк,  Япон, Өмнөд Солонгосын эрдэмтэд,  улс төрийнхний хоорондох харилцаа холбооны гүүр болсон байгууллага гэнэ.

Зорилго нь: Монголын ашигт  малтмалын салбарт хөрөнгө оруулалт хийхийг \бүр тодруулбал  ураны салбарт хөрөнгө оруулагч\ зорж буй гадаад  орны хувийн болон улсын корпорациудын үйл ажиллагааг зохицуулан зохион байгуулагч тэдний эрх ашгийн төлөө ажилладаг гэж ойлгож болох ажээ.

Энэ төв олон улсын том том хурал,  уулзалт  ч зохион байгуулдаг ажээ. Тухайлбал, Дэлхийн цөмийн их сургуультай хамтран, Улаанбаатар хотод  Цөмийн цикло сургалтыг зохион байгуулжээ.

МОН-АМЕ  төвөөс зохион байгуулдаг олон улсын сургалт семинарыг ивээн тэтгэж санхүүжүүлдэг компаниуд болох Франц улсын  Арева-28 лиценз, Канад улсын  Камеко-6 лиценз,  АНУ-ын Деннисон Майнз-6 ураны лиценз тус тус эзэмшиж 10 гаруй жил  монголд  үйл ажиллагаа явуулж байгаа, дэлхийн ураны бизнесийг атгадаг том гарууд , буурай орнуудын  баялагийг нь цөлмөн, иргэдийг нь золиосонд гаргадаг  гэж гадаад, дотоодын хэвлэлд байнга бичигдээд байдаг компаниуд  юм.

Хамгийн сүүлд МонАме төвөөс 2011 оны 10 сард Нью-Иоркийн шинжлэх ухааны академи дээр Зүүн хойд Азийн шинжлэх ухааны хамтын ажиллагааны уулзалт зохион байгуулжээ. Энэ хуралд  МонАме төвийн судлаачид “Азид олон талт энергийн хамтын ажиллагааны шинэ боломжийн талаар “ гэсэн бие даасан судалгааг танилцуулсан гэнэ.

МонАме төвийн бас нэг гол зорилго нь Монголын залуу үеийнхэн, залуу эрдэмтэд, хөдөөний оюутнууд, цаашид ерөнхий боловсролын сургуулиудтай  ажиллаж  төсөл хөтөлбөр хэрэгжүүлж  залуу үеийнхний тархийг “уран-цөм” гайхамшигтай  гэж  угаах  ажил  эхэлжээ. Ингэж монголын ирээдүйг уран хоргүй сайхан ашигтай гэж хордуулж байгаад, нийгмээс дэмжлэг авч газар сайгүй уран ухаж  ашиглах, улмаар олон улсын цөмийн хаягдлыг булшлах газар болгох гэсэн гадныханы бодлого юм.

Тус төв АНУ-ын  Станфорд болон Харвардын их сургуультай хамтарч  ажиллаж тэндээс оюутан ,судлаачидыг хүлээн авч,  байгаль орчны нөхөн сэргээлт, цөмийн технологийн судалгааг хийж байгаа  ажээ .

Удирдах зөвлөлийн гишүүдэд Монгол улсын анхны ерөнхийлөгч  П.Очирбат-алт хөтөлбөр гэгчийг санаачлан монголын байгалийг сүйтгэхэд жинтэй хувь нэмэр оруулагч, УИХ гишүүн С.Оюун  ураны бизнесийг гадныханд зуучлагч идэвхтэн, УИХ гишүүн асан МонАтом төрийн өмчийн корпорацын анхны захирал Р.Бадамдамдин  ураны бизнест  хөл гараа  дүрэгчдийн нэг гэх мэт  хүмүүс оролцон ажилладаг байна.

Мөн  удирдах зөвлөлд, ураны бизнест  МАН –ын томчууд ч байдгийг ЦЭГ-ын дарга  асан С.Энхбат хэлсэн байдаг. Уран ашиглахтай холбоотой ихэнх гэрээг идэвхийлэн хийсэн хүн бол Ерөнхий сайд асан С.Баяр юм.

Энэ байгууллагын хийж буй ажлын цар хүрээ, ивээн тэтгэгч санхүүжүүлэгч нарыг харахад юун ТББ байхав дээ. Монголын  хуулийн цоорхойг  ашигласан  ТББ гэдэг нэрээр өнгөлөн далдалт хийжээ.

Маш том хүрээлэн институт шиг өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг юм байна.  Монгол улсын шинжлэх ухааны академи  ч дэлхийн хэмжээний ийм том том хурал цуглааныг зохион байгуулах чадвар хомс юм.

Манай Цөмийн энергийн газрыг ч энэ байгууллага ивээн тэтгэж, удирдан  чиглүүлж байдаг юм  шиг санагдлаа.

МОН-АМЕ  төвийн  ар тал нь Арева, Камеко, Деннисон Майнз  зэрэг ураны том компаниуд, манай том  намуудын улс төр бизнесийхэн  хамтарч удирдан чиглүүлж  байдаг байх нээ.  Геологич доктор Авирмэд гуайн хэлснээр  “ улс орноо худалдагч хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохойд” гэдэг үнэн ажээ.

Монголд  гадаадын хөрөнгө оруулалтай 1000 уул уурхай олборлолт хийж байгаа ч  ард түмэн ихэнх нь ажиллагүй ядуу байна.  Төр засаг нь  хяналтаа тавиад, олигтой гэрээ хийгээд ашгаа ч бүрэн  авч  чаддаггүй,  энэ мэт байгууллагынхан, хэдхэн  эрх мэдэлтнүүд ,гадаадынхан л баяжаад байдаг.

Гэтэл дээр нь монголын нутгийг цацрагаар бохирдуулах,  хэдэн мянган жилээр хор хөнөөл дагуулах, хүн болон амьтаны генд гажиг үүсгэдэг, хорт хавдар үүсгэдэг нэн аюултай 100 ураны үйлдвэртэй болгож,  улмаар ураныг экспортонд гаргаж  монгол улс “суг” хөгжих сурталчилгаа   хийх нь  МОНАМЕ төвийн нэг зорилго юм байна.

Бидний тархийг угаах сургалт семинарыг удирдан хийж харагдаад байгаа МОНАМЕ төвийн гүйцэтгэх захирал  Б.Баттогтох гэгч “эмээ” бол бага ангийн багш мэргэжилтэй хөшигний өмнөх тоглогч юм.

Монголын цөмийн  санаачлага буюу \Mongolian National  Initiative \ төрийн байгууллагыг төлөөлөн  Монголд цөмийн  хаягдал булшлах санал дэвшүүлж, асар их мөнгө авах гээд яваад байгаа ЭБЭХ-ний сайд Д.Зоригтын  зөвлөх, одоо Рио Тинтод бас зөвлөх хийдэг А.Ундраа гэгчийн  ээж  нь  Б.Баттогтох  эмээ гэнэ.

МОНАМЕ төвд А.Ундраа, Д.Дашдорж нарын хамаатан садан ах дүүс болон , хэдэн судлаач нэртэй залуус ажилладаг гадны хөрөнгөөр санхүүждэг “өнгөлөн далдалт”  бүхий хувийн байгууллага   ажээ.

Миний хамгийн дургүй хүрсэн зүйл бол, цөмийн энерги ашиглахад  сөрөг муу үр дагавар  огт  байдаггүй юм шиг ярьж,  тэгээд ч ураны хагас задрал халуун  цөмийн гинжин урвал 24 400 жил явагдаж,  сая жил өнгөрөхөд ч хортой цацраг шарсаар  байдгийг мэдэх болсон энэ цаг үед, биднийг  бүдүүлэг харанхуй  хувьсгалын өмнөх хүмүүстэй зүйрлэн  машинаас ч айдаг  байсан  түүн шиг цөмийг мэдэхгүй болохоор л айж байгаа юм.  Тэгэхээр бид цөмийг эсэргүүцдэг хүмүүсийг дарж гартал  сурталчилгаа хийж, уранаас айхгүй  ашиглаж хөгжинө гэх мэт   дэмийрч байх юм.

Монголчууд байгаль дэлхийдээ маш хүндэтгэлтэй хандаж ирсэн, ам гардаггүй гэж айж болгоомжилдог ухаантай ард түмэн.  Гэтэл энэ байгууллагынхан болон  Б.Баттогтох эмээ  “уран”д ам гардаг хэн бэ?

Бид ямар орчин үеийн эмнэлгийн тоног төхөөрөмж оруулж ирэх, мэдээлэл харилцаа холбоо гар утас хэрэглэх, оруулж ирэх, шинжлэх ухаан судалгааны байгууллага энэ талаар юу ч хийх хэрэггүй гэж эсэргүүцэж  байгаа бишээ.

Өндөр хөгжилтэй орнууд олон жил уран ашиглаж  атомын цахилгаан станц ажиллуулаад  сайн муу талыг нь  судалчихаад,  эцэст нь хуримтлагдаад байгаа  дээд зэргийн аюултай 300 мянган тонн цацраг идэвхт хог хаягдал, 4.5 сая тонн дунд түвшний  цацраг идэвхт  хог хаягдалаа   усан бассейнд түр сойгоод, терористууд нь дэлбэлнэ гэж айлгаад  яахаа мэдэхээ болиод хаана  булшлах бэ? сансарт, далайд, цөлд, монголд гэж толгойны өвчин болоод байхад, зөвхөн мөнгөний төлөө л “манайд булчихаа “гээд гуйгаад явж байгаа А.Унраа, түүний ээж эмээгээр бид тархиа угаалгаж суусаар байх уу???

2012 оны 7 дугаар сар 28   Дархан-Улаанбаатар  чөлөөт сэтгүүлч Л.Бор

Хамаарах ангилал: Бид ураны эсрэг, Мэдээ Түлхүүр үг: , , ,

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.