0

Ураны “шар нунтаг” олборлоход химийн болон цацрагийн хосолсон хордолтыг байгаль орчин мал хүн амд учруулах аюултай.

DSC03656МУИС-ын онолын физикийн тэнхимийн багш доктор профессор   О.Лхагва.

Манай улс Цөмийн Цахилгаан Станцд ашиглах түвшинд хүрэхэд наад талын хугацаа нь  10-15 жил хэрэгтэй.

Асуулт: Манай улс цөмийн салбарт орох АЦСтанц ажиллуулах  туршлага,  нөхцөл боломж бүрэлдсэн үү?

 Хариулт: Цөмийн техник тоног төхөөрөмж  сайжирч байгаа боловч  төгс хэлбэрт очих болоогүй байна. Дэлхийн маань байгаль өөрчлөгдөж  газар хөдлөлт, цунами зэрэг олон  гамшигтай учирч байна. Байгалийн энэ эрсдэл  гамшгийг  даадаг атомын цахилгаан станц одоогоор байхгүйг  Фукушимагийн  сургамж харууллаа.  Тэгэхээр атомын цахилгаан станцыг яаж барих вэ? Яаж найдвартай болгох вэ гэдэг асуудал дараагийн 10-15 жилд судлах асуудал юм.   Манай улс Атомын цахилгаан станцыг одоо бариулна  гэдэг бол маш их эрсдэл дагуулна байхаа гэж би бодож байна.

 Нөгөө талаар атомын цахилгаан станц ажиллуулахад асар их ус хэрэгтэй болно. Ураны тогоон дотор явж байгаа цөмийн  урвал нь  асар өндөр темпратурт явдаг тэрнийг байнга усаар хөргөж байдаг, тэр хөргөлтийн ус  манайд тэр хэмжээнд байхад хүндрэлтэй.

Иймд атомын цахилгаан станцыг монгол улс яримааргүй байна. Харин сурах судлах туршлага мэдлэг эзэмших ажлыг хийх хэрэгтэй байхаа.

 Нөхцөл бололцоо нь бүрэлдээгүй байхад  төр засаг  Атомын цахилгаан станцтай болно гэж ярьж байгаа нь их аюултай юм. Яагаад гэвэл хоцрогдсон  цөмийн тоног төхөөрөмжөө зарах борлуулах гэсэн дэлхийн шуналтай муу хүмүүсийн гарт орж болох талтай. Үүнийг ашиглах гэсэн зөвхөн мөнгө боддог хүмүүс хаа сайгүй л  байдаг. Ингэж  хүний гарт орох, ард иргэдээ аюул эрсдэлд хүргэх хортой явдал болох байх.

Асуулт: Шар нунтаг хоргүй гэж үнэн үү?

Хариулт: Миний бодоход ураны  ил уурхай, далд уурхай аль нь ч  ялгаагүй  эрсдэл ихтэй байх.   Далд уурхайн нь газрын гүнд хүхрийн хүчил шахаж  ураны шингэрүүлсэн  исэлийг шавар байдалтай дээш нь өндөр даралтаар олгойдуулж гаргаад усаар  угааж цэвэрлэж авдаг гэж би ойлгож байгаа.  Ингэж угааж цэвэрлэж авсан  “шар нунтаг” нь өндөр биш ч  цацраг идэвхтэй. Альфа цацраг гарч байгаа гамма цацраг ч дагаж байгаа байх.    Альфа цацраг бол нэвтлэх чадвар багатай, богино зайд баригддаг, хэрэв тодорхой хамгаалалт хийвэл зогсдог юм. Тэгэхээр “шар нунтаг”ийг тусгай хамгаалдаг саванд хийдэг байх. Харин “шар нунтаг”ийг ялгаж авсны  дараа үлдэж байгаа шингэн байх ёстой.

Тэр шингэн дотор ураны цацраг байхгүй гэсэн баталгаа ч байхгүй , химийн хүчил шүлтийн найрлага өндөртэй  хортой элементүүд байгаа байх.

Асуулт:  Саяхан Дорноговь аймгийн Улаанбадрах суманд  уран олборлодог уурхайн дэргэд амьдардаг  малчдын бяруу олноороо  үхсэн юм.Тэрнийг та юунаас хордсон  гэж бодож байна бэ?

Хариулт:  Би бодохдоо хэрэв тэр олгойдож гаргасан шингэнээсээ “шар нунтаг“-ийг нь ялгаж аваад тэр үлдсэн устай шингэн шавар шавхайд байгаа химийн хорт нэгдлүүдийг өндөр түвшинд саармагжуулж, цэвэрлэж далдалж булахгүй бол  байгаль дэлхий ургамал амьтан амьд юм болгонд хүчтэй хор учруулна.

Ураны цацраг бага түвшинд байж болох ч  химийн дархлаажаагүй хортой бодисын нэгдлүүд зөндөө гарсан байдаг. Ийм  химийн хортой нэгдэлүүд  тэр хавийн газар дээр байгаа амьд юм болгоныг  хордуулж таарна.   Миний бодлоор мэргэжилийн хяналтын газар, цөмийн энергийн газар бусад хими технологи цацрагын хяналтын газар өндөр түвшиний цогц шинжилгээ явуулах ёстой.

Ингээд шинжилгээний хариугаар  чухам юу илрэв гэдгийг үнэн зөвөөр нарийн гаргаж  олон нийтэд мэдээлэхгүй бол хардалт цуурхал болдог юм.

 Ер нь цөмийн энергийг, цацрагийг сургалтанд ч бай, эмнэлэгт ч бай, үйлдвэрт ч бай,  шинжилгээ судалгаанд ч бай \цөмийн энергийн газрын\  төрийн өндөр хяналтанд байлгаж ажиллах ёстой юм.

Асуулт: Манайд тийм өндөр түвшиний цогц шинжилгээ хийх лаборатори байдаг уу?

Хариулт :  Би сайн мэдэхгүй байна, мэргэжлийн газруудад байгаа байх гэж бодож байна.  Байхгүй бол олон улсын цөмийн энергийн агентлагаас мэргэжилийн хүмүүсийг  уриад мөнгө төгрөгийг нь өгөөд тэднээр  шинжилгээг хийлгээд дүгнэлтийг нь гаргах ёстой.  Дүгнэлтгүй цөмийн шинжилгээний ажлыг дэлхий дээр хаана ч ямар ч оронд тэгж дураар нь явуудаггүй . Аль ч улс орны цөмийн энергийн асуудал бол олон улсын цөмийн энергийн агентлагийн  олон улсын онцгой хяналтанд байх ёстой ажил.

Уран ашиглаж байгаа бол төрийн  өндөр түвшиний цацрагийн хяналт шалгалт байх ёстой.  Манай төр үүнийг хийж чадаж байж л ураныг ашиглах ёстой  гэж би бодож байна.

Нөгөө нэг аюултай  зүйл бол ил, далд  аль ч аргаар “шар нунтаг” олборлосон байлаа гэхэд  тэр хаягдал  шороо чулуу, угаасан ус, шингэн шавар  зэргийг маш сайн саармагжуулж  сайн далдалж газрын хөрсөнд  булахгүй  бол манайх шиг салхи ихтэй, хуурай шороон  шуурга ихтэй газарт агаарт дэгдэнэ.   Энэ шар шорооны дэгдэлт хаа ч очиж болох аюултай байгаа. Монголоор хязгаарлагдахгүй  ази болон олон улсын хэмжээнд ч аюул нүүрлэнэ.

Хэрэв “шар нунтаг”-ийг  олборлох гэж байгаа бол дэлхийд хэрэглэж  байгаа тэр өндөр түвшиний техник технологи, цацрагийн хяналт, аюулгүй ажиллагааны стандартуудыг мөрдөж, хамгаалах ажлыг хийхгүй бол зүгээр жирийн уурхай шиг ямарч хамгаалалтгүй, хариуцлагагүй ашиглах гэж  байгаа бол болохгүй. Энийг зогсоох гэсэн ард түмний тэмцэлийг би зөв гэж үзэж байна. Яагаад гэвэл тухайн газар нутгийг нь хордуулчихаар иддэг уудаг бүх зүйл, мал нь ч , хүмүүс нь ч эрүүл мэндээрээ хохирно.   Ингээд сүйрчихсэн  ард түмэн нь хавдараар өвдөж зовлон шаналалд ч орсон  жишээ баримт дэлхийд их байна энэ бүгдийг төр  бодолцож шийдвэр гаргах ёстой.

Асуулт: Туршилтын аргаар “шар нунтаг” олборлоод авчихсан гээд байгаа. “Туршилт” гэсэн нэр зүүчихээр хоргүй юм шиг төөрөгдүүлэж байдаг. Нэгэнт олборлолт хийсэн бол дээр бидний ярьсан хор хөнөөлүүд гарна биз дээ?

Хариулт: Тэр туршилтаар гаргасан шар нунтаг нь дэлхийн стандарт хэмжээнд хүрсэн аргаар хоргүй гаргаж авсан уу?  гэдгийг монголын эрх бүхий байгууллага  тогтоох хэрэгтэй. Энэ  бол төрийн ажил. Ард түмэн шаардах хэрэгтэй.

Асуулт: Манай улс  мянга гаруй  уул уурхай ашиглалт хийж байгаа гэдэг ч ард түмэнд наалдсан зүйлгүй ихэнх нь ядуу байна. Гэтэл гэнэт  уранаа ашиглаад ирэхээр л стратегийн том тоглогч болж баяжаад  мөнгөтэй болно гээд байгаа. Энэ тал дээр таны бодол?

 Хариулт: Улс хөгжихөд мөнгө хэрэгтэй.Уранаас мөнгө олно гэвэл олж болно. Дэлхийн аюулгүй технологийг эх орондоо  суурьлуулсны дараа ард түмэнээ эрүүл  саруул байлгаж хөгжих мөнгийг олж өгөх нь төрийн эрхэм зорилго.

Асуулт: Гэтэл дэлхийн хамгийн өндөр технологтой Япон  улс цөмийн энерги ашигласны золиос болж , хүчин мөхөсдөөд АЦС-аас татгалзаад  байхад тийм аюулгүй техник технологитой ямар улс байна вэ?

Хариулт:  Японыг өндөр технологтой байсан байх гэж бодож байна. Гэвч хүний бүртээсэн техник багаж төхөөрөмжийг давсан байгалийн үзэгдэл болж Япон үүнд сөхөрчээ.  Ийм аюулд сөхрөх атомын цахилгаан станц ойрын үед барих хэрэггүй гэж бодож байна.   Манай цөмийн физикчид АЦС хэрэгтэй гэж  онолын хувьд ярьж байгаа боловч цөмийн өндөр техник технологи үйлдвэрлэлийн нарийн процессыг  мэдэхгүй шүү дээ.  Цөмийн физикч нар үзэгдэлээ мэдэж байгаа болохоос дэлхийн энэ өндөр түвшиний, байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай, эрүүл аюулгүй  технологийг мэдэхгүй байгаа.  Хүнээ бэлд, хяналтаа тавь дэлхийн түвшинд хүрсний  дараа уран ашиглах уу?  АЦС ашиглах уу? яах вэ? гэдгийг шийдэхгүй бол ямар ч аргаар хамаагүй өнөөдөр мөнгө олох зорилгоор  уранаар оролдох  хэрэггүй аюултай гэдгийг л хэлэх байна.

2013.01.12    Улаанбаатар хот. Оргил рашаан сувилал

Л.Бор

Хамаарах ангилал: Бид ураны эсрэг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.