0

Монгол улс Уран ашиглах төрийн бодлогоо үргэлжлүүлэх үү? Ураны бүх лицензийг цуцлах уу ? гэдэг хоёр хүнд сорилттой тулгараад байна

Л.Бор:     Монгол улс Уран ашиглах төрийн бодлогоо  үргэлжлүүлэх үү?
Ураны  бүх  лицензийг цуцлах уу ? гэдэг хоёр хүнд сорилттой  тулгараад  байна

Д.Оюунчимэг\Сэтгүүлч\   Зууны мэдээ сонин. 2012.7.9  №89\162(4164)
С.Батболдын Засгийн газар “Монгол Улсын 2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөрт цөмийн хог хаягдлыг булшлах, хадгалах, боловсруулах тухай оржээ хэмээн шуугиж байгаа. Энэ тухай “Баяншарга” төрийн бус байгууллагын тэргүүн Л.Бортой ярилцлаа.

– Та бүхний эсэргүүцээд байсан асуудал юу байсан бэ?

-Бид ураны холбогдолтой Засгийн газрын хөрөнгө оруулалтын гэрээг эсэргүүцэж байна. Ерөнхий сайд Сү.Батболд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт, Гадаад хэргийн сайд Занданшатар, тусгай үүрэг гүйцэтгэгч элчин сайд  А.Ундраа нар монголд цөмийн хог шаар булах гэрээ хэлэлцээр хийсэн нь үнэн, худал  гэж  өнгөрсөн жилийн турш мэтгэлцэж ирсэн  гэдгийг олон нийт мэдэж байгаа. Тэд ийм гэрээ хэлэлцээр хийгээгүй гэж гүрийсээр байсан. Гэтэл монголд цөмийн хог шаар булах гэрээ хэлэлцээр хийсэн гэдгийг  Цөмийн энергийн газрын дарга асан Ц.Энхбат саяхан  батлан хэлсэн,  энэ нь “Монгол Улсын  2013-2017 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр” гэдгээр давхар батлагдлаа.

 Үүндээ: Дорноговь аймгийн Даланжаргалан, Дорнод аймгийн Гурванбулаг,  Мардай тосгонд, цацраг идэвхит хаягдлыг хадгалах, боловсруулах, булшлах байгууламжийг хувийн хөрөнгөөр байгуулна. Улаанбаатарын Алдартолгойд цацраг идэвхит хаягдлыг хадгалах, боловсруулах, булшлах байгууламж болон  радио химийн лабораторийг  улсын хөрөнгөөр барина. Улаанбаатарт цөмийн судалгааны реакторыг улсын төсвөөр оруулж ирнэ гээд  энэ төслүүддээ 56.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулна гэж  маш яаралтай баталлаа.
МАН-ын Засгийн газар энэ хөтөлбөрөө УИХ-р  батлуулж хэрэгжүүлнэ гэж бодож  байгаа.
Гэхдээ эрүүл ухаанаар бодоход, бүрэн эрх нь дуусвар болж байгаа энэ засгийн газрын  2017 он хүртэл хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын энэ хөтөлбөлбөр гэгчийг  шинэ Засгийн газар, шинэ Улсын Их Хурал нь батлаад үргэлжлүүлээд явахгүй байх гэж найдаж байна.

Эдгээр төслүүд  нь Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд шууд занал хийсэн, Монголын ард түмний эрүүл аюулгүй орчинд  амьдрах, Үндсэн хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчиж, улмаар Монгол улсын нутгийг  бүхэлд нь  уран, цөмийн хог хаягдлын цэг болгох  маш ноцтой шийдвэр юм.
Уул уурхайн салбар хяналтаас гарч, авилга хээл хахууль гаарч буйн илэрхийлэл болсон  энэ ноцтой асуудал нь  МАН –ын сонгуулийн мөнгөө босгосон “том авилгын хэрэг”-тэй  холбоотой байж ч болох талаар иргэний нийгмийн  байгууллагууд, Авилгатай тэмцэх газар, шүүхэд өгч шалгуулна гэж байгаа.
Ер нь Монгол улс төрийн бодлогодоо цөмийн эрчим хүчийг хөгжүүлнэ гэж заасан байдаг.  Тухайлбал: Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлого”-ын  5.3.2-т “Атомын эрчим хүч ашиглах бодлогыг үе шаттайгаар хэрэгжүүлж, улмаар атомын станц барих зорилт тавьж ажиллах” гэсэн заалт бий. Энэ заалтыг болон урантай холбоотой өмнө гарсан хуулиудыг эргэн харж  шинэ Засгийн газар, шинэ Улсын Их хурал хүчингүй болгож чадахгүй, ийм хүсэл зорилго гаргахгүй  л юм бол Монгол улс цөмийн аюулд нэрвэгдэх нь хуулиар зөвшөөрөгдсөн асуудал болоод байна.
Гэхдээ ураны салбарт шунаж буй нь зөвхөн төрийг барьж буй эрх мэдэлтнүүдийн хүсэл шунал, гадаадын том хөрөнгө оруулагч нарын эрх ашиг  байснаар  Цөмийн энергийн хууль, цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой эрх зүйн актуудыг  олон нийтээс нууж яаран сандран баталсаар ирсэн. Өөрөөр хэлбэл олон нийтийн эрх ашиг байгаагүй, ард түмэн “ураныг” хүсээгүй, юу ч мэдэхгүй, харин гэмгүй золиос нь болж байна.
– Бусад орнууд Цөмийн эрчим хүч ашиглах Атомын цахилгаан станц барих талаар ямар бодлого барьж байна  вэ?
-Дэлхий дахины улсуудын төрийн бодлогыг  харахад  цөмийн энергийг ашиглах, атомын цахилгаан станц барих асуудлыг Фукушимагийн өмнө, хойно гэж ярьдаг болсон байна. Фукушимагийн  дэлбэрэлт нь, хүн төрөлхтний  оюун ухааны хүчээр бий болгосон шинжлэх ухаан, техник технологи нь хүчин мөхөсдөж буйг хүлээн зөвшөөрсөн үйл явдал боллоо.

“World Nuclear Industry Status Report 2012” –ийн  мэдээлснээр өнгөрсөн 18 сард дэлхий дахинд 21 атомын цахилгаан станцын ашиглалтыг зогсоосон.
Нийт 429 Атомын цахилгаан станц 364 гигаватт цахилгаан үйлдвэрлэжээ.
2002 онд 444 Атомын цахилгаан станц ажиллаж байсан нь хамгийн рекорд тоо байжээ.
Атомын цахилгаан станцууд 1993 онд дэлхийн эрчим хүчний хэрэглээний 17% ыг хангадаг байсан бол өнөөдөр зөвхөн 11% болж буурчээ.
Герман, Швейцарь, Белги, Тайван гэсэн 4 улс атомын эрчим хүчнээс татгалзсан бол, Египт, Итали, Иордани, Кувайт, Тайланд гэсэн 5 улс атомын цахилгаан станц барих төлөвлөгөөнөөсөө татгалзжээ.
Цөмийн эрчим хүч рүү шаргуу орж байсан Хятад улс Фукушимагаас хойш 3 станц ашиглалтанд оруулсан боловч цоо шинээр ганц ч станц нэмж барихаар төлөвлөөгүй байна.
Мөн атомын цахилгаан станцуудад мэргэжлийн боловсон хүчний асуудал дутагдаж хүндэрч  байна.
Цөмийн технологи ирээдүйгүй болж байгаагааас шалтгаалан “Цөмийн технологи” сурах сонирхолтой оюутан олдохгүй болж байна.
Сүүлийн жилүүдэд нар, салхины хямд үнэтэй эрчим хүчний хэрэглээ ихсэж байгаа нь  цөмийн эрчим хүчний салбарыг өрсөлдөөнд сөхрүүлж хямралд оруулж байна. Энэ нь Фукушимагаас эхтэй хямрал юм гэжээ. \эх сурвалж.Nudear Free Mongolia-Migaa mogod \
Франц, АНУ, Их Британи, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсууд  атомын цахилгаан станцаас гарсан олон жилийн “цөмийн хур хог хаягдлаа” хаана булшлах  вэ? гэдэг асуудал тэдний  толгойны  өвчин болоод байна.

– Том гүрнүүдийн толгойны өвчин болсон “цөмийн  хог хаягдал”булшлахыг манай улс юуны учир зөвшөөрч байгаа юм вэ?

Том гүрнүүд  аль болох цөмийн эрчим хүчээс татгалзаж, нар, салхи бусад хор хөнөөл багатай эрчим хүчний эх үүсврийг эрж хайдаг боллоо.
Япон улс гэхэд 54 реактораа унтраагаад  хоёрыг нь саяхан  сэргээхэд, ард түмэн цацраг идэвхит бодисд хордож ханалаа. Эх дэлхийгээ, Ирээдүй хойчоо аваръяа гэсэн уриатай  45 000 хүн одоо ч  Засгийн газраа эсэргүүцэж жагсаж тэмцэж байна. Бүр төрийн хамгаалалтанд гарсан цагдаа нар нь хүртэл иргэдтэйгээ нэгдээд тэднийгээ тэврээд уйлж буй зураг хөрөг, видо бичлэгүүд youtube ,фээсвүүк, интернет сайтууд дээр тавигдаад байгааг мэдээллийн зуунд амьдарч байгаа  бид  харж байна.

Японы бол өндөр хөгжилтэй  үйлдвэржсэн орны хувьд атомын цахилгаан станцаасаа, эдийн засаг нь ихээхэн хамааралтай гэж эрх баригчид тайлбарлаж байна.
Гэтэл хүчирхэг Япон  хүчин мөхөсдөөд байхад, ураныг  ашиглаж АЦС бариад үсрэнгүй хөгждөг, хариуцлагагүй, хяналтгүй, авилгад идэгдсэн, буурай хөгжилтэй Монгол хэн билээ гэдгээ бодож үзсэн үү?
Дэлхий нийтээрээ татгалзаад эхэлсэн АЦС барьж, ураны хог хаягдал нь “24 мянган жилийн турш” онц аюултай байдаг,  нэг эхэлчихвэл зогсоож хэзээ ч болдоггүй тийм л аюул  сүйрэл рүү манай эрх мэдэлтнүүд улс орноо түлхчихээд байна.

Манай улс  асар их нүүрсний нөөцтэй атлаа Засгийн газрын  2008-2012 оны мөрийн хөтөлбөртөө барихаар төлөвлөсөн дулааны цахилгаан станцаа барьсангүй цаасан дээр үлдлээ. Мөнгө санхүү нь байхгүй байсан ч гэлүү?
Гэтэл Уран олборлох, баяжуулах үйлдвэр  барих улмаар Атомын цахилгаан станцыг гадаадынхан  хувийн хөрөнгөөр байгуулж өгч  буй нэрийн дор ураны нөөцийг нь  үнэгүй шахам цөлмөн зөөж, оронд нь цөмийн хортой хаягдлаа булшлах гэсэн гадаадынхны санаархал юм.
Үүнийг нь манай төрийг барьж буй эрх мэдэлтнүүд,тэдний хань хамсаатан болох, их мөнгөний үнэр амт авсан, эх орон улс үндэснээ хувийн шуналынхаа төлөө золиослоход бэлэн төрд шургалсан ”увайгүй луйварчид” биелүүлэхээр улайран зүтгэж байна.

– Манайд ураны олборлолт хийж байгаа уурхай хэрхэн ажилладаг вэ?

2012 оны 4-р-сард Цөмийн Энергийн газраас авсан лавлагаагаар 109 цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон, үүнээс Дорноговийн Улаанбадрах, Дорнодын Гурванбулаг  хоёрт  ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдсон байгаа. Үүнээс Дорноговьд 35, Дорнотод 26, Сүхбаатарт 20, Өмнөговь, Хэнтий,Төв аймагт тус бүр 3, Бянхонгор, Архангай, Сэлэнгэ аймагт тус бүр нэг гэх мэт олон аймгуудыг хамарсан байдаг.  Гэтэл энэ тоо нэмэгдээд одоо 150 гэж яригдаж  байна.

Одоо Дорноговь аймгийн Улаанбадрах суманд Франц улсын Арева компани охин компани болох Кожеговь ХХК ураныг газар дор хүчил шахах уусгалтын аргыг хэрэглэн “шар нунтаг”гэдэг ураны бүтээгдэхүүнийг гарган авч  олборлолт хийж байна.
Газар дор хүчил шахаж буй энэ арга нь маш хортой гүний усыг бохирдуулдаг, олон улсад хориглосон арга гэдэг. Энэ уурхайд нутгийн залуус,  жирийн ард түмний үр  хүүхдүүд ямарч  хамгаалалтын хувцас хэрэглэлгүй, ямарч дүрэм журам стандарт гэгч мэдлэггүй  харанхуй ирээдүйгээ золиосолж ажиллаж байна.
Мөн энэ сумын  малаас  генийн элдэв  гажилттай үсгүй төл  хүртэл гарч байна гэж малчид нь ярьдаг. Тэгээд нутгийн иргэдийн ихэнх нь хүн малын ундааны ус бэлчээр нь хордсон гээд нүүгээд дайжаад  явсан байна.
Ураны асуудал зөвхөн Дорноговь,Өмнөговь,Дундговь, Сүхбаатар, Дорнод аймгийн асуудал биш Монголыг дайрч буй том гай гамшиг гаслан зовлон юм.  Цаашилбал цөөхөн хүн амтай манайх шиг орныг генийн хувьд устгаж баялгийг нь цөлмөх  гэсэн харийнхны  бодлого гэж үзэж байна.

Тиймээс одоо манай ард түмэн үүнийг яаралтай таслан зогсоохын төлөө хүчээ нэгтгэн тэмцэх цаг ирээд байна.

– Одоо олгогдоод байгаа ураны 100 гаруй лицензийг цуцлуулснаар манайд улсад сайн муу ямар үр дагавар гарах вэ?

Монголд  ураны болон бусад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан гадаадын  компаниуд лицензээ зараад,эсвэл хайгуулын зөвшөөрөлтэй ч нөөцийг нь  тогтоосон орд гээд олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж зараад зуу зуун сая, миллиард доллар олж байдаг. Монголын төр, ард түмэн энэ лиценз, хувьцаа зарсан их ашгаас хувь, татвар авах нь байтугай мэдэх ч  үгүй, ойлгох ч үгүй, бүр үнэмшиж ч  чаддаггүй. Харин үүний учрыг мэддэг, ашгаас хүртдэг цөөхөн улс төрчид эрх мэдэлтнүүд  байдаг.

Тухайлбал:Ураны салбарт толгой цохидог Гурвансайхан ХХК 1994 онд Орос, АНУ, Бермуда улсын хөрөнгө оруулалтаар байгуулагджээ.  Сүхбаатар аймгийн хоёр суманд, Дорноговийн 4 суманд, Дундговийн гурван сумын   нутагт тус тус ураны зөвшөөрөл эзэмшдэг, эдгээр  нь дамлагдан зарагдсаар одоо АНУ-ын Данисан майнз ХХК-ын мэдэлд 70% хувь нь байдаг,багахан 15% хувь нь Монголын Засгийн газар гэдэг нэрийн дор хэн нэгэн эрх мэдэлтний эзэмшилд байх ажээ.

2010 оны хоёрдугаар сард www.energy and capital сайтад, дэлхийн дахины хөрөнгө оруулалтын талаар анализ судалгаа хийдэг,сонины эрхлэгч, бас монголд хөрөнгө оруулагч Chirstain A.De Haemer гэгч Монголын уул уурхайд хөрөнгө оруулагч нар ямар их ашиг олж байгааг гайхан дуу алдаж бичихдээ….миний  худалдаж авсан жижигхэн уурхайн ашиг 458% болж өссөн бол… lan Cooper гэгч хүн, хөрөнгө оруулагч түншүүдийнхээ хамтаар монголын уул уурхайн хувьцааны ашиг 93 удаагийн ашигтай арилжаанаас 3124%-ийн ашиг олжээ…гээд энд 21-р зууны эрдэс баялаг түүхий эдийн дэлбэрэлт болж  байна та ч гэсэн хөрөнгө оруулагч болох гэвэл яараарай гэж уриалан дуудаж бичиж байсан.

Anti nuclear movement\Амарлин\дээр тавьсан нэгэн мэдээллээс иш татвал,
East Asia Minerals гэдэг Канадын корпораци Өөшийн говийн лицензийг 2006 оны 11 сард авсан байна. Түүнийгээ буцаагаад 2007 оны 6 сард 83 сая канад доллараар Compagnie Francaise de Mines et Metaux (CFMM) гэдэг Францын компанид заржээ. Үүнд Баян Уул, Элгэний, Их Хэт, Айраг-1 гэдэг ордууд оржээ гэжээ. Энд дурьдагдсан Өөшийн говь гэдэг нь Сүхбаатарын Баяндэлгэр, Дорноговийн Өргөн,Эрдэнэ сумдын нутгийг дамнан оршдог жижигхэн говь юм.

Ураны зөвшөөрөлтэй  гадаадынхан ингэж  хэдэн зуу зуун сая,миллиард  долларын ашиг босгосоор ирсэн лицензийг нь цуцлах юм бол буурай Монголыг яаж ч золиосонд гаргахаас буцахгүй нь  мэдээжээ. Манай  улс төрчид ихэнх нь хамтрагч учраас уранаа ухаж ашиглах нь зөв гэж  хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой  шиг тэдний талд архирна.

Монгол улс уранаа ашиглахгүй бол Түвд шиг ертөнцийн хөгжил дэвшлээс хол хаягдана. Уранаа ашиглаж байж л “суг”хөгжинө. АЦС гэгчийг  “шидэт шүдэнз”-ний хайрцаг шиг маш жижиг гоё аюулгүй зүйлээр ажиллуулдаг, учрыг мэдэхгүй ард түмэн гэдэг мунхагууд ойлгохгүй айгаад муулаад байна гэж тархи угаадаг хүмүүст хандаж хэлэхэд:

Уран ашиглах гэдэг бол том хөрөнгөтнүүдийн  сүлжээний бизнес юм байна. Өөрөөр хэлбэл Ко-Коло ч гэдэг юмуу үндэстэн дамнасан ийм  бизнес байдаг биз дээ? Түүн шиг л  бизнес  юм. Тийм ч учраас дэлхийн ураны бизнесийг атгадаг 8 том компаний  5 нь манайд орж ирж үйл ажиллагаа явуулаад Арева зэрэг нь 16 жил болж байна. Энэ бизнес нь монголын ураныг л зарж ашиг олж гадаадын хөрөнгө оруулагч  компаниуд,  манай улс төрчид эрх мэдэлтнүүд л баяжих зорилготой, өөр нэг зорилго нь  “дотоодын нэртэй”, “гадаадын”ураны  хог шаарыг  булшлах юм.
Уран ашиглахыг ингээд үргэлжлүүлэх юм бол Монгол улс цөмийн хаягдалын хогийн цэг л болж үлдэнэ. Юун аялал жуулчлал хөгжих бэ? Цацрагаар хордох гэж хэн ирэх билээ? Ямарч ирээдүйгүй болно.
Үр дүн нь:  ухсан нүх, үхсэн хордсон газар нутаг,удмын сангийн гажигтай хойт үе, ус ундаагүй  үгүйрч ядуурсан ард түмэн болж үлдсэн  буурай орнуудын  жишээг давтах болно.

– Уран ашиглах төрийн бодлогыг үргэлжлүүлэх үү? Эсвэл бүх  лицензийг цуцлуулах уу ? гэдэг энэ хоёр асуудал ямар үр дагавартай  бэ?

-Тиймээ энэ хоёр асуудал маш их эрсдэл дагуулах, хор хохирол ихтэй,олон улсын хэмжээний том  асуудал босож ирнэ.
Манай төр засаг, улс үндэснийхээ эрх ашгийг бодоод эр зориг гарган  ураны бүх лицензыг  цуцалбал манай Засгийн газрыг гадаадын 100 гаруй компани бүгд нийлээд дор хаяж 10 гаруй жил хөрөнгө оруулсан гэж дааж давшгүй олон сая, миллиард доллар нэхэж олон улсын Арбиторын шүүхэд  өгнө. Энэ их төлбөрийг манай улс төлөх чадвар байхгүй учраас эдийн засгийн хувьд бүр мөсөн гадныхны эрхшээлд орно.
Тухайлбал “Арева” компани манай улсад 16 жил, “Гурвансайхан” 14 жил хөрөнгө оруулалт хийсэн гэх мэтээр нэхэмжлэх болно.

Манай  Ашигт малтмалын хуулийн 65 дугаар зүйлд, гадаадын хөрөнгө оруулагч нарын маргааныг, Монгол улсын нэгдэн орсон  олон улсын гэрээ конвенцоор зохицуулна гэж заасан байдаг учраас,  Хаанресурс гэдэг  ураны компани лицензыг цуцалсан гээд 200 сая доллар манай Засгийн газраас нэхэмжлээд байгаа нь дээр дурьдсан зүйлийн баталгаа баримт юм.
Ингэхлээр Монгол улс  100 гаруй ураны үйлдвэртэй болж улс үндэстнээрээ мөхөх үү? Эсвэл  100 гаруй ураны лицензээ цуцлаад  эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах уу? гэдэг л хоёр сонголт байгаа нь эмэгнэлтэй ч үнэн юм.

– Үүнээс Манай улс  яаж гарах вэ?

  1. Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Монгол улс хэзээч өөрийн нутаг дээрээ гадны цөмийн хог хаягдлыг булшлахыг зөвшөөрөхгүй гэж НҮБ –ын индэр дээр хэлснийг яаж хэрэгжүүлэхийг харах, найдах, шаардах
  2. “Монгол улсын эрх ашигт хохиролтой,  олон улсын зарим гэрээ конвенцд нэгдэн орсноо сая мэдлээ. Манай улс зах зээлийн мэдлэг муутай байсан, гадаадын хөрөнгө оруулагч нар шударга бус гэрээ хэлэлцээр хийж байжээ, улс төрчид бид хээл хахуулийн мөнгийг нь бэлэг гэж андуурч ноцтой төөрөгдөлд оржээ” гэх мэтээр НҮБ зэрэг ядуу буурай орнуудын эрх ашгийг хамгаалдаг, өрнөөс гаргахад тусалдаг байгууллагад хандаад,Тунгалаг тамир киноны Хонгор шиг “ахаа намайг мэдээрэй” гэвэл яах бол.
  3. Шинэ Засгийн газар, шинэ Улсын Их хуралд эх орон, газар нутагаа хамгаална гэж ярьж гарч ирсэн “ эх орончид ”нилээд хэд байгаа,тэд нэг зөв гарц олж магадгүй.
  4. Ард түмэн маш өргөнөөр эсэргүүцлийн  жагсаал  цуглаан хийж, төр засгийг шахаж шаардах
  5. Эцсийн горьдлого нь Монголчуудыг эрх биш заяа тэнгэр нь  түших байлгүй  гэж  бурханаас гуйж залбирах л үлдлээ.

Харин  манай улс төрчид, эрх мэдэлтнүүд маань хийсэн аймшигт нүглээ ухаарч, монголоо аврахын оронд, луйвраар олж авсан хөрөнгөө аваад  гадаад руу дүрвээд явчих бий дээ …
Эцэст нь дахин  хэлэхэд, шинэ Засгийн газар, шинэ Улсын Их Хурал төрийн бодлогоос “ураны” асуудлыг  ямарч үнээр хамаагүй “авч хаяхгүй” бол бүх лицензийг цуцлахгүй л юм бол  цацраг идэвхт үхлийн тоосонцороор хордож  Монгол гэдэг улс түүх болон үлдэж, цөөхөн үндэстэн мөхөх болно.

Улаанбаатар хот 2012.07.09  

Хамаарах ангилал: Бид ураны эсрэг, Мэдээ Түлхүүр үг: , ,

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.