0

Миний уулзсан Хибакушка

МИНИЙ УУЛЗСАН ХИБАКУШКА

“…Харин найз минь манайд хэл хүргэхээр  явах замдаа цацраг идэвхит туяанд хордож хоёр сарын дараа нас барсандаа хөөрхий минь…”  Юшида Кацуши

Шаравын Содномжамц                 1990.03 сар   Токио-Улаанбаатар-БаруунУрт

Нагасакад  очсон гадаад дотоодын зочин гийчдэд  тэртээ 1945 оны наймдугаар сард  Америкийн цэргийн нисэхийн В-29 бөмбөгдөгч онгоцноос хаясан атомын бөмбөгөнд сүйрсэн эл хотынхны мөнхийн дурсгалд зориулан босгосон цогцолборыг хамгийн түрүүнд үзүүлдэг.Бөмбөг хаясан яг гол цэг дээр сүрлэг  багана босгож,дайны аюулыг үеийн үед санаж сэрэмжилж байхыг сануулсан үгс товойлгон сийлжээ.

Мицияама хэмээх энэ хэсэгт орон сууц,дэлгүүр,сургууль,соёлын газрууд ихээхэн төвлөрсөн байжээ.Америкчууд хотын ойролцоох зэвсэгийн мөн химийн үйлдвэрийг устгах зорилготой байсан боловч тэр өдөр үүл манан халхлаад тод харагдаагүйгээс энэ хэсэг аюулын голомт болж хэлмэгдсэн юм гэж эндэхийн хүмүүс ярьж байлаа.Уулзаж учирсан болгон дайны аюул гамшгийг ярих нь аргагүй зовлон амссан хүмүүсийн сэтгэлийн зовнил эмзэглэл биз ээ.Тэр аймшгийг тус хотын музейн үзмэрүүд, бөмбөг хаясны дараахь өдөр авсан гэрэл зургууд гэрчлэн үлджээ.Ширээний жижигхэн цагийн зүү 11 цаг 02 минутыг заагаад зогсжээ.Эдүүгээ өдөр бүрийн яг энэ цаг минутанд хотын төвд байрлуулсан энх тайвны том хүрэл хонх дайны аюулыг сануулан хэдэнтээ дуугардаг байна.Есөн мянган метрээс хаясан тэр аюулт бөмбөг газраас  500 метртийн өндөрт  дэлбэрч, тэр даруйд ойр орчимд нь 3000-4000 градусын халуун үүсч, салхины хурд  500 метр \секунд хүрч байсан гэнэ.Гэтэл далайн хар салхины хамгийн их хурд 50 метр \секунд байдаг гээд төсөөлдөө.

Бид атомын бөмбөгийн гай гамшигийг амьд биеэрээ үзсэн нэгэн хүнтэй тэнд уулзсан юм.Түүнийг Юшида Кацуши гэдэг.Харахад гар,нүүрний нь нилээд хэсэг,хоолой,чих нь түлэгдсэн  байлаа.Гэтэл түүний бүх бие түлэгдсэн тул олон жил эмчлүүлжээ.Одоо ч бүрэн эдгэрээгүй,өвчин шархандаа зовж шаналсаар байдаг гэнэ. Атомын бөмбөгөнд нэрвэгдэж, үхэл сүйрлийг биеэрээ амссан ийм хүмүүсийг Японд “Хибакуша” гэж нэрлэдэг юм байна.Эдүүгээ амьд мэнд байгаа цөөхөн хибакушагийн нэг Юшида Кацуши гуай

Тэр аймшигт өдрийн тухай ийн өгүүлсэн юм.Тэр үед би 13 настай,хоёрдугаар ангийн сурагч байлаа.Дайны хүнд үе байсан болохоор дайсны довтолгооноос сургуулиа хамгаалах сурагчдын хэсэгт багтдаг байсан.Наймдугаар сарын 9-ны тэр өдөр би найзтайгаа сургуульдаа явж байлаа.Их ч халуун өдөр байв.Хоёулаа худгийн хүйтэн ус ууя  гээд эргэтэл нэг онгоцноос шүхэр бууж байгаа харагдсан.Гэтэл тэр нь атомын бөмбөг байж л дээ.Хоёул гайхан харж байтал гэнэт өнөөх чинь дэлбэрч, би гуч дөчөөд метр хол шидэгдсэн.Нэг мэдэхэд бүх арьс түлэгдчихсэн улаан мах болчихсон хэвтэж байсан.Шидэгдэхдээ нүүрээ хоёр гараараа дарж унасан тул азаар нүүрний хэсэг гайгүй үлджээ.Сүүлдээ өвдөж байгаагаа ч мэдрэхээ больсон.Арайхийн босоод өмнө нь сууж байсан дэнж рүүгээ явж,биед наалдсан шавраа усаар шавшиж арилгаад замагтай өвс авч шархан дээрээ тавилаа.Ойр хавиас “амь авраарай” гэсэн олон хүний гаслант дуу сонсогдож байв. Хот даяараа хиншүү хярвас үнэртэн,битүү утаа манан тоос шороотой байшин барилга юу ч харагдахгүй байв.Тэгээд хүчлэн зүтгэсээр хотруу дөхөж,Укикама гэдэг жижиг гол дээр очвол дэлгүүр шатчихсан,гүүр нурчихсан байв.Шархандаа халуурч дотор нь давчидсан хүмүүс гол руу ирж ус уугаад л үхэцгээж байсан даа. Шархтай халуунтай үед ус ууж болохгүйг заалгаж байсан болохоор би тэвчсэн.Ойр орчмын юмыг бүүр түүрхэн харж нүүр гар бие халуу шатаж,ухаан орж гарч байсан.Харин найзын маань шарх гайгүй байсан.Тэр шөнөдөө хоёул хээр хоносон.Гэр уулын цаана байсан болохоор яваад харих  тэнхэл ч байгаагүй.Найз маань манайд хэл хүргэхээр явж,удалгүй намайг авахаар ирцгээсэн. Түүнээс хойш хоёр сар ухаангүй байсан гэж ээж минь ярьдаг юм.Харин найз минь манайд хэл хүргэхээр  явах замдаа цацраг идэвхит туяанд хордож хоёр сарын дараа нас барсандаа хөөрхий минь. Аав ээж маань тэр өдөр намайг хайж сургуулийн хавиар очиж сураглахад шархадсан хүмүүс танигдахын аргагүй түлэгдсэн юм ч ярьж чадахгүй байсан гэдэг. Намайг тэд маань  дуугаар минь л танисан гэдэг юм. Гэртээ ялаа шумуул оруулахгүй тулд тусгай газар бэлтгэж битүү тор татаж, түүндээ намайг хэвтүүлээд ээж минь хажууд сахидаг байлаа. Миний мах ялзарч,их муухай өмхий үнэртэн,ялаа өт цацчихна, ээж минь тэр өтийг савхаар нэг нэгээр нь түүж хаядаг байсан юм.

Хибакушка

Хибакушка

Удалгүй намайг их сургуулийн эмнэлэгт хэвтүүлээд маргааш нь эргэж ирэхэд өвчтнүүдийн тал нь нөгөө ертөнцөд явчихсан  гэж ээж минь уйлж байсан. Шатсан модны үнс нурмыг шархандаа түрхдэг байлаа. Арванхоёрдугаар сар гэхэд гарын арьс дориун эдгэсэн.Эрүүл гарын арьсыг авч нөгөөд нь нөхөөс болгон тавьдаг байв.Тэгээд 1946 оны зургадугаар сард эмнэлгээс гарсан.Эхэндээ гар минь юуч мэдэрдэггүй байсан.Түүнээс хойш 15 жилийн дараа л бага зэрэг мэдэрч юм барьдаг болсон.Одоо ч гэсэн үе үе өвдөж байнга тос түрхэж,жил бүр  эмчилгээ хийлгэж байна хэмээн тэрээр өгүүлсэн юм.

“Дайн гэдэг үнэхээр аймшигтай зүйл гэдгийг би биеэрээ үзэж амслаа. Нагасакад ганцхан бөмбөгөнд хэдхэн секундын дотор хичнээн сая хүн амь үрэгдсэнийг эргэж бодохоор үнэхээр аймаар. Одоо ч миний зүүдэнд тэр аймшигт явдал орж,сэтгэлээс гардаггүй юм. Дайн гэдэг үнэхээр аюул гамшиг, энх тайван гэдэг эрхэм чухал зүйл. Үүнийг би хэнд ч хэлэх эрхтэй хүн”гэж  тэрээр чин сэтгэлээсээ ярьж билээ. Он цаг улиран өнгөрч,тавиад жилийн тэртээх сүйрэл,аймшгийн амьд гэрч цөөрсөөр авч түүх түүхээрээ үлдэх учиртай билээ…

Токио-Улаанбаатар-БаруунУрт 1990 оны гуравдугаар сар

Сүхбаатар аймагдахь Үнэн сонины сурвалжлагч байсан  Ш.Содномжамцын “Холын газар ойроос эхэлдэг”тэмдэглэлээс хэсэгчлэн авлаа.

Хамаарах ангилал: Бид ураны эсрэг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.