0

ЗАСАГ ТӨРД БУЛААГДСАН ”ЗАЯГДМАЛ ЭРХ”-ИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ !!!

ЗАСАГ ТӨРД БУЛААГДСАН ”ЗАЯГДМАЛ ЭРХ”-ИЙНХЭЭ ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ !!!
Монгол Улсын үндсэн хуулийн. Зургадугаар зүйлд. Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.гэж заасан байдаг.
Гэтэл АМХуулийн 19.4-д лиценз олгохдоо орон нутаг 30 хоногт хариу өгч болох,өгөхгүй байсан ч зөвшөөрдөг, Газрын тос, ураны зөвшөөрлийг олгоход ҮАБЗ –шийддэг,орон нутгийн захиргаа,иргэдийн оролцоо огт байхгүй. Энэ нь орон нутгийн иргэдийн олон үеэрээ амьдарч аж төрсөөр ирсэн, тахилга шүтээн уул ус,үнэ цэнэтэй газар нутагаа мэдэх “Заяагдмал эрхийг” хассан хууль юм. Төрийн нэр барьсан бүлэг этгээдүүд ийм хууль гаргаад ямарч хяналтгүй\газар нутгийг эзэнгүйдүүлж\ “баялгийг” замбараагүй олгосоор ирсэн.
Хамгийн ноцтой нь хайгуулын болон ашиглалтын зөвшөөрлөөр гадаадынхан ”газрын доорхи хөндөгдөөгүй баялгийн эзэмшигч” болж, үнэгүй авч барьцаанд тавьж олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж сая сая,тэрбум тэрбумаар маш их хөрөнгө босгож байдаг. Хэрэв ингэж хувьцаа гаргасан лицензыг цуцалбал, өнөөх хөрөнгийн биржээс босгосон олон сая тэрбумаар олсон хөрөнгөө манай улсаас нэхэж  олон улсын шүүхэд өгөөд,дааж давшгүй өрөнд оруулж эдийн засгийн тусгаар тогтнолоо алдах аюулд оруулж байна.
Монголд хайгуулын зөвшөөрлөөр орд баялгийн эзэмшигч болж  хувьцаа гаргахыг зөвшөөрсөн хууль байхгүй. Иймд “Нөөц баялаг нь баталгаатай тогтоогдсон” ашиглалт олборлолтын зөвшөөрөлтэй чадвартай уул уурхайн компанид л Монголын болон Олон улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахыг зөвшөөрсөн хуулийн заалт оруулмаар юм. Ингэж хязгаар тогтоохгүй бол хайгуул ашиглалтын 3000 тусгай зөвшөөрлөөр “газрын доорхи хөндөгдөөгүй баялагаа” бусдынх болгож, ирээдүй хойч үедээ үлдээх баялаггүй болно.Members of a Mongolian Nationalist group

Ихэнх аймагт 200-300, сумдад 20-30  алтны нүүрсний  гэх мэтийн  уул уурхай зөвшөөрөл олгогдож,говийн бүсэд талыг там болгон “шороон түйрэн” босгож өмнөд хил рүү баялагаа өдөр шөнөгүй зөөсөөр 20 орчим жил боллоо. Хамгийн хачирхалтай нь аймаг сумдад хэрэгцээгээ хангах “өөрийн мэдлийн” ядаж ганц ч нүүрсний уурхай байдаггүй. Хятадын ч юмуу эсвэл УИХ-ын баян гишүүдийн аль нэгний компаниас нүүрс царайчлан өвлийн хахир улиралд гал алдан суух, эмнэлэгт нь эм тариагүй, хүүхэд нь цэцэрлэг сургуульгүй , уух ус,бэлчээр нутагаа булаалгасан,арга ядахдаа нинжа болчихсон ийм уул уурхай хэнд хэрэгтэй бэ? Төрийн дээд эрх мэдэлтнүүд нь хагартлаа баяжиж олон улсад ийм хууль байдаг гээд иргэддээ баялагийн ашиг гэж сохор зоос ч өгдөггүй. Иргэд нь ийм л байх ёстой юм байлгүй гээд хувь заяатайгаа эвлээр хүлцэнгүй байгаад байх уу?

2014.07.01нд УИХ-р Ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөл олгохыг хориглосон хуулийг цуцалчихлаа. Дэлхийн банкны төслөөр тусгай зөвшөөрөл олгох ажлыг цахим хэлбэрт шилжүүлж, газар нутгийнхаа 30%-г хайгуулаар өгөх боллоо. Гэтэл энэ нь ямар эрсдэл дагуулахыг тооцоогүй учраас өдөрт 3000 тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирж Ашигт малтмалын газар балмагдаад түр зогсоогоод байна. Ер нь хар ухаанаар бодсон ч газар нутаг баялаг гэдэг хаа хамаагүй хүссэн бүхэнд интернетээр тараагаад байх “бүтээгдэхүүн” мөн үү? Сайн бодоорой ард түмээн!

Монголын хэрэгцээ шаардлага маш бага уул уурхай төсвийн орлогын 40%-г бүрдүүлдэг гэвэл үүний 50%-г өнөөх саалийн үнээ болсон Эрдэнэт үйлдвэр дангаараа жилд 400-650 тэрбумийн хөрөнгө оруулж байна. Гэтэл өнөөх бусад олон мянган уурхай,дэлхийд баялагаараа гайхагдах Оюутолгойн ашиг хаана орж байна бэ? Бүгд Эрдэнэт шиг ажиллаад татвараа төлдөг бол улс өрөнд орж, ард түмэн ядуурах уу? Хайгуулын зөвшөөрөл гэдэг хаана юу байгаагаа мэдээд авдаг гэмгүй зүйл мөн үү?Үүнийг жирийн иргэд бид учрыг нь мэдэхгүй. Харин зах зээл хөгжсөн орны хөрөнгөтнүүд мэддэг учраас тэд бялуурталаа мөнгө болгож чадаж байгаа мэдээллийг харахаар гайхаж бас айх шиг болж сэтгэл түгших юмаа. Ганц нэг жишээг энд дурьдвал:
Тухайлбал, Хонг-Конгийн хөрөнгийн биржид бүртгэгдсэн Хөшөөтийн нүүрсний орд газрын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг “Mongolia Energy Corporation Limited” компани нийт 6,1 тэрбум ширхэг хувьцаа гаргаж 27,0 тэрбум хонг конг долларын санхүүжилтийг бий болгосон бол, Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Оюутолгойн ордын эзэмшигч Айвенхоу майнз компани 424,9 сая ширхэг хувьцаа гаргаж 5,6 тэрбум канад долларын эх үүсвэрийг тус тус бий болгож чаджээ. Өнөөдөр Торонто, Лондон, Хонг Конг, Нью Йоркийн хөрөнгийн биржүүдэд Монгол улсын орд баялгийг барьцаалж 20 гаруй уул уурхайн компаний хувьцаа арилжаалагдаж байна. Энэ их олж буй хөрөнгөнөөс Монгол улс татвар төлбөр авах байтугай хянаж мэддэг газаргүй явж ирсэн. Тэгэхээр хэний юуны төлөө ямарч ашиг, татвар авдаггүй байж  газар нутаг баялагаа лицензээр тарааж бусдын эзэмшилд өгөх хэнд хэрэгтэй юм бэ?

Бид баялагийн жинхэнэ эзэд атлаа аймагтаа, сумандаа,баг бригаддаа байгаа тахилга шүтээн уул ус,рашаан булаг,баян бүрдийн газрын дээрх, доорхи баялгаа, энэ дэлхийн хаанахын сайн муу, худалч хулгайч, тонуулчид тэнүүлчид, баян хоосон хэн гэдэг этгээд аваад ямар мөнгө олоод байгааг мэдэхгүй 20 жил “харанхуй” явлаа. (Зөвхөн зөвшөөрөл өгдөг албан тушаалтан,улс төрчид л мэдэж, ашиг хүртэж баяжаад байгаа)

Яагаад бидний “заяагдмал” эрхийг хассан хууль гаргаад байхад дуугүй хүлцэнгүй явсаар хойч үе үр удам маань ч өвлөх баялаггүй үгээгүй гадаадынхны  боолчууд болох хууль батлаад байгаа бэ?
Одоо 3000 лиценз олгогдоод байгааг хянаж хариуцлага тооцдог мэддэг газар Монголд байхгүй . Гэтэл УИХурлаар \2014.07.01\ Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулж хайгуулын зөвшөөрлийг хязгаарлахгүй зөвхөн “төр” \зөвхөн авилгачид\ мэдэж өгөхөөр хууль гаргаж бидний “заяагдмал эрх”ийг хасаж басаж байна.
• Яагаад “заяагдмал эрх” гээд байгаа бэ? Тухайлбал Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутаг,түүний газрын доорхи баялаг бол тэр нутгийн иргэдийн баялаг болохоор, тэнд ямар нэг уул уурхайн зөвшөөрөл олгох эсэхийг тэд оролцож шийдэх эрхтэй ,ашиг хүртэх ч эрхтэй юм.

Гэтэл орон нутгийн иргэдийн унасан газар угаасан усаа мэдэх, “шийдвэрт оролцох эрхийг”хасаад баялгын эзэн нь Канад ч юмуу, Бирмуд ч юмуу улсын иргэд болгосон ийм хууль гаргаад байна. Үүнийг л засаг төр иргэдийнхээ “заяагдмал эрхийг” булаасан хууль гаргадаг гээд байгаа юм.Хэрэв нутгийн иргэд оролцдог байсан бол Алтан-Овоо,Зотол уул, Данзанравжаагийн энергийн төвдөө ураан ашиглах зөвшөөрөл өгөх байсан уу?
Манай үндсэн хуульд өөрийн улс үндэстэн,ард түмнийхээ эрх ашгийг хөндсөн олон улсын хууль дүрмийг дагахгүй гэж заасан байдаг. Гэтэл газар,газрын доорхи баялаг төрийн мэдэлд байдаг, олон улсын хууль ийм гэж хууль санаачлагчид,эрх мэдэлтнүүд яриад батлаад байдаг. Олон улсын хууль гэж юу бэ? Дэлхийн 200 орон тойрч суугаад хийчихсэн хууль биш, өнөөх буурай орнуудыг цөлмөдөг хэдхэн үндэстэн дамнасан том хөрөнгөтнүүд компаниудын эрх ашгийг тусгасан хууль юм. Ийм л олон улсын хуулиар явсан хамгийн их баялагтай  буурай  хөгжилтэй 12орон, газрын тосны 6 орон өрөнд орж ядуурсан энэ замаар Монголын улс төрийн бодлого явагдаж байна.

Манай газрын тос, урааны нөөц бараг 100% гадаадын мэдэлд байна. Мөн л хувьцаа гаргаж байна. Гэтэл хувьцаагаар гадаадынхан баялаг эзэмших нь улс орныг аюулгүй байдалд ноцтой гэдгийг Оросын хүчирхэг удирдагч В.Путин мэддэг болоод л Юкос компани босс Ходорковский гэдэг олигархи нөхөр газрын тосны компанихаа хувьцааны 80%-г Их Британд худалдмагц л бариад хорьчихсон. Бусад олигархиудын Обшир бүсдэхь дансыг хаалгаж 300 орд газраа улсын мэдэлд авсан  гэж мэдээ байдаг. Ингэснээр Орос орон эдийн засгийн хувьд хөгжиж хүчирхэг болж байна. Гэтэл манай улсын лизензээр тараасан баялгийг 52%-нь Хятад улсын мэдэлд, 16%-нь татваргүй бүсэд байдаг гэж уул уурхайн яамны мэдээлэлд гарчээ. Манай улс төрчид эрх мэдэлтнүүд үүнийг ухаарч санаа авах хэрэгтэй биш үү?

Зүгээр жуулчнаар орж ирсэн нэг тэнүүлчин хоосон нөхөр хахуул атгуулж хэдэн арван лиценз авчихаад, дараа жилээс нь уурхай ашиглахаар ирдэг. Зарим нэг эрх мэдэлд ойр хүмүүсийн  хамсаатан олон лиценз авчихсан дэвэн дэлхийгээр зугааландаа зараад явж байдаг. Ийм уул уурхайг хөгжүүлсээр хүлээн зөвшөөрсөөр хүлцэнгүй суусаар байх уу?
Одоо энэ хуулийн нэмэлтээр хэн дуртай нь бүр интернетээр захиалга явуулаад л лиценз аваад байх “бүтээгдэхүүн” гэгч болох гэж байна. Орос, Хятад,АНУ-д Монголд лиценз авдаг шигээ авах гээд үздээ? Тархиа хага буудуулж таарах нь дамжиггүй. Лиценз гэдэг энэ цаасны ард чинь Монгол гэдэг улсын аюулгүй байдал тусгаар тогтнол, хоёр сая гаруй хүнийх нь сэхэх үү? мөхөх үү? гэдэг амь , амьдрал хувь заяа нь байгааг эрх мэдэлтнүүд яагаад бодохгүй зөвхөн хувийнхаа өчүүхэн эрх ашгийн төлөө,өөрсдөө л орд эзэмшигч,хувьцаа эзэмшигч болох гэж улайран зүтгэнэ бэ? Энэ чинь бидний өвөг дээдсийн минь халуун амь бүлээн цусаараа хамгаалж ирсэн, олон зуу,мянган жилийн тэмцлийн үр дүнгээр өвлүүлж үлдээсэн үнэ цэнэтэй баялаг шүү дээ?
Яагаад бид юу ч мэдэхгүй байх ёстой вэ? Яагаад бидний “заяагдмал эрхийг”булаагаад байхад дуугарахгүй, шаардахгүй байгаа юм бэ?
Монголын ард түмний амьдрал хувь заяа ямар хэцүү байгааг, угаасаа хуримтлалгүй ард түмэн орон сууц гэх мэт банкны элдэв өр зээлийн дарамтанд орж байгааг, байгаль орчин сүйрч байгааг, уул уурхай орон нутгийн иргэдийн уух ус,бэлчээрийг булааж буй үнэнг ердөө ч ярихгүй байж, тэрбум тэрбумаар олоод байгаа хөрөнгөнөөс сохор зоос ч татвараар авч чадахгүй байж хөрөнгө оруулагчид “хөөрхий” гэж дуу дуугаа авалцан бахираад байдаг тэдний л төлөө хууль баталдаг.
Монголын төр засгийн толгойд олон жил суусан МАН,АН –ын Олигархи бүлэглэл хамаг баялгийг хяналтандаа байлгах   хууль батлагийг зогсоож чадахгүй бол бид хуулиар булаагдсан “заяагдмал эрхийнхээ” төлөө тэмцэж, баялагтаа эзэн болж чадахгүй бол Америкийн Индианууд, Австралийн Аборгенчүүд, Канадын уугуул иргэд шиг хувь заяа нь хаясан  хөөрхий ядуус болж мөхөх болно. 2014.11.21 Улаанбаатар хот  Л.Бор

Хамаарах ангилал: Уул уурхай

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.