0

Дундговьд ямаа хэдэн зуугаараа үхэж байсан нь Ураны хайгуултай холбоотой байж болзошгүй баримтыг дэлгэлээ…

Дундговьд  ямаа хэдэн зуугаараа  үхэж  байсан нь Ураны хайгуултай холбоотой байж болзошгүй баримтыг дэлгэлээ…

Монголын Эрдэмтдийн Үндэсний Зөвлөл,Хөдөө Аж Ахуйн Их Сургууль,Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл байгууллагаас хамтран зохион байгуулсан “Ураны хайгуул,олборлолт түүний эерэг сөрөг үр дагавар”олон улсын семинарт Төрийн байгууллага, оюутнууд,иргэний нийгмийхэн,хөдөө орон нутгаас ч  зарим төлөөлөл оролцсоноос гадна Япон,Солонгос,Германаас  ч ураны эсрэг үзэлтнүүд  ирж оролцов. Семинарт ирсэн  Дундговь аймгийн  Өлзийт сумын малын их эмч Э.Жаргалсайхан гэгч дайчин байрын эмэгтэй дараах зүйлийг ярьж байлаа.

Манай суманд Гурвансайхан гэдэг компани бүр 1998-1999 оноос эхлэн ураны хайгуул хийж олон цооног ухаад ус гаргаад  шавартай нь холиод хаячихсан байсан. Тэр хайгуул хийж байсан газарт нутагладаг  Буянт багийн малчин Дондог гэдэг хүний мал үхээд байсан. Малчин Дондогийн нүд өвдсөөр хараагүй болсон. Мөн 2005-2006 онд гэнэт л ямаа хэдэн зуугаараа үхээд байсан.Ямааны годрон,боом өвчин байх гээд шинжилгээ авч лабораторид явуулж байсан боловч шинж тэмдэг илрээгүй гэж хариу гарсан. Энэ асуудал орон даяар бөөн сенсаац болж тагнуул,цагдаагийхан ч манай суманд ажиллаж байсан. Дондог гуайн үхсэн  малын сэгийг ч мөн олноороо үхсэн ямааны сэгийг ч нохой шувуу ер хөндөхгүй,нүдийг нь ухахгүй байсан нь  хамгийн хачирхалтай санагдаж байсан.

Би үхсэн ямааг халдварт өвчин биш “хордлогын” шинжтэй байсан гэсэн онош тавиад байсан ч тухайн үед үнэмшээгүй. Сүүлд харин ХААЯамны мал эмнэлгийн мэргэжилтэн таны онош зөв байсан  гэж хэлсэн. Тэр зун зуншлага сайтай таана их ургаснаас  “пологтож” хордсон байж ч магадгүй гэж таамаглаж байсан. Тэр  ургасан таана нь урьд ургадагаас  тэс өөр зарим нь бууз хэлбэртэй,зарим нь лууван хэлбэртэй,зарим нь дугуй хэлбэртэй байсан.Би бууз ,лууван, дугуй хэлбэртэйг тус тусад нь багцлаад ялгаад  Цацрагийн хяналтын хүрээлэнд явуулсан.Гэвч дээж нь шаардлага хангаагүй гээд  хариу ирүүлээгүй юмаа. Бидэнд ураны цацрагийн талаар ямарч мэдээлэл  байхгүй. Эрдэмтэн судлаач та бүхний сая тавьсан илтгэлээс харахад ямаа цацрагийн хордлогод хамгийн их өртөмтгий эмзэг гэж судлагдсан байгаа нь манайд ямаа хэдэн зуугаараа үхсэн нь ураны хайгуулын үед гарсан цацрагийн улмаас үүссэн хүнд металлын хордлоготой холбоотой юм байна гэж  бодогдлоо.  Ер нь сүүлийн үед онош нь тогтоогдохгүй сонин сонин малын өвчин их гарах болсон шүү!  Манай эрдэмтэн судлаачид та бүхэн ганцхан Дорноговийн Улаанбадрах гэлгүйгээр судалгаа шинжилгээний ажлаа ураны хайгуултай газруудаар өргөжүүлж хийхийг хүсэж байна. Орон нутгийн эмч бид ч оролцож байя. Гэлээ.

ХААДС  2015.03.19  Баяншарга уул сонины эрхлэгч Л.Бор

Хамаарах ангилал: Бид ураны эсрэг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.