0

БЭЛЧЭЭРИЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ ХУВЬЧЛАХ НЬ НҮҮДЭЛЧДИЙН МӨХӨЛ БОЛНО.

БЭЛЧЭЭРИЙГ ЭЗЭМШҮҮЛЭХ  ХУВЬЧЛАХ НЬ НҮҮДЭЛЧДИЙН МӨХӨЛ БОЛНО.

Баянгарга ТББ-ын   Л.Бор                                                           2016.05.11

1.Цөлжилтийн гол шалтаан зөвхөн  бэлчээрийн  мал аж ахуй  гэсэн өрөөсгөл худал судалгаа гаргаж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн дулаарал,уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж дэлхийн дундажаас манай улсын агаарын дундаж температур 2.14 хэмээр дулаарсан,нийт нутгийн 72 % цөлжсөн,бэлчээрийн доройтол,биологийн төрөл зүйл устаж мөхөлд орсноос Өмнийн говь хамгийн их өртсөн гэж Ус цаг уур орчны шинжилгээний газар,Байгаль экологийн хүрээлэнгийн судалгаагаар тогтоосон байна.

“НҮБ-ын шинжээчдийн судалгаагаар Монголын газар нутгийн 80% нь бүрэн цөлжилтөнд өртөж  усны хомсдолд орж байна”гэжээ.Иймээс бэлчээрийн даацад тохирсон  малын тоо толгойг барих бодлогыг хэрэгжүүлэхэд малчдын сэтгэл зүйн бэлтгэл дутмаг байгаа нь цөлжилт экологийн сүйрэлд бүрэн оруулж болзошгүй тул алгуурлаж болохгүй гэж анхааруулжээ.

Монгол орны газар нутгийн 82% нь мал аж ахуйн бэлчээрийн зориулалтаар ашиглагдаж талхлагдаж  байна. Монгол улсын хэмжээнд 28 сая орчим тоо толгой мал байх боломжтой байтал малын тоо толгой 60 саяд хүрээд байгаа нь байгальд хор хөнөөлтэй,бэлчээрийн  нутаг нөхөн сэргэх боломжгүй,элсний нүүдэл ихсэж өвсөн тэжээлтэн зэрлэг ан амьтан нүүж дайжин устаж байна гэж  гадаадын шинжээчид судалж дүгнэлт гаргажээ. Мөн Дэлхийн банк,Швейцарын хөгжлийн агентлаг зэргийн санхүүжилттэй  бэлчээрийн төсөл хөтөлбөр дээр ажилладаг  манай эрдэмтэн  судлаач хэмээгчид сүүлийн хэдэн жил  аймаг сумдад туршилт явуулж ийм ухуулга сурталчилгааг  эрчимтэй  хийж ирэв.

Эдгээр судалгааны дүгнэлтээс   харахад дэлхийн дулаарал, цөлжилт усны хомсдол гэх мэт нь зөвхөн Монголын асуудал ч биш нэг л цэнхэр гариг дээр  амьдардаг бүх хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа аюул гэдэг нь үнэн.

Гэвч  эдгээр судалгаанд цөлжилтийн шалтаг шалтгаан хамаг эх үүсвэр нь дан ганц бэлчээрийн мал аж ахуйгаас болж буй мэт дүгнэлт гаргасан нь хэтэрхий нэг талыг барьсан өрөөсгөл бодит байдалд нийцэхгүй байна. Ийм нэг талыг барьсан судалгаа гэгчид үндэслэн олон зуун мянган жилийн  байгаль цаг уурын  хүнд хэцүү шалгарлыг даван туулж ирсэн шавхагдашгүй их нөөц баялаг өсөж үрждэг бэлчээрийн мал аж ахуйгаа хумих устгах бодлого төрөөс явуулж бэлчээрийн тухай хууль батлаж “бэлчээрийг хувьчлах” гэж  байна. Бүр бэлчээрийн мал аж ахуй хүлэмжийн хийг ихэсгэдэг тухай ч “тархи угаалт” хийх болов.

Энэ нь Монголчуудын оршин тогтнож ирсэн үндэсний уламжлалт нүүдлийн мал аж ахуй амь амьжиргаа болсон, дахин давтагдашгүй нүүдлийн соёл иргэншлээ “гадны бодлогоор” устгаж байгаа төрийн явуулж буй гэмт  хэрэг юм.

Хот суурин газрын хүн амын хүнсний хэрэгцээг хангахад фермерийн аж ахуйг хөгжүүлэх нь зүйн хэрэг боловч зохистой харьцааг барих бодлого байхгүй бол фермерийн аж ахуй зардал ихтэй маш олон сөрөг нөлөөтэйг өндөр хөгжилтэй орнуудын одоогийн байдал харуулж байдаг.

2.Хариуцлагагүй уул уурхай  шимт хөрсийг устгаж, цөлжилт үүсэхэд гол жин дарах сөрөг  нөлөөг үзүүлж  байдаг.

Монгол орны цөлжилт,бэлчээрийн доройтол,биологийн төрөл зүйл устаж, зэрлэг ан амьтан  мөхөлд орж байгаагийн хамгийн том жин дарах шалтгаан бол 1997 онд батлагдсан Ашигт малтмалын тухай хуулиас улбаатай сүүлийн 20 гаруй жилийн уул уурхайн замбараагүй  үйл ажиллагаатай холбоотой юм. Гэтэл судалгаанд энэ том шалтгааныг огт дурьдаж  дүгнэлт гаргаагүй нь дээрх судалгааг хэний захиалгаар  ямар зорилгоор хийлгэж, төрийн бодлого болгож хэрэгжүүлэх гээд байгаад эргэлзэх хардахад хүргэж байна. БОАЖЯ,МХЕГ-ын хамтарсан судалгаагаар  уул уурхайн компаниуд хамгийн хоцрогдсон техник технологи хэрэглэж, дөрвөн аймгийн 10 гаруй сумын нутагт 120 цэгт  53.5 га газрыг\ шимт хөрс бэлчээр гол горхийг\ цианит натри,мөнгөн ус зэрэг химийн бодисоор хордуулсан гэж тогтоожээ. Монголын байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж газар нутгийн 14.565 га газрыг эрдэс баялагийн олборлолтод эвдэрсэн,үүнээс 4000 га газрын нөхөн сэргээлтийг татвар төлөгчдийн олон сая тэрбум төгрөгөөр хийсэн судалгаа  гарчээ.

Уул уурхайн хүнд даацын авто машинаар эрдэс баялгийг засмал замгүй тээвэрлэж олон салаа зам гаргаж шимт хөрсийг сүйтгэж тэндээс боссон нунтаг тоос шороо нь хавь ойрын бэлчээрийг дарж сүйтгэж цөлжилт үүсгэж нүүдэлчин  малчид амьдралаа алдаж эрх ашиг нь зөрчигдсөөр  байна. Уул уурхайн энэ сөрөг нөлөөллөөс болж сүйтгэгдсэн байгалийн баялаг, нүүдэлчин малчдын тоо, түүний хохирлыг тооцож гаргасан  судалгаа,хууль  журам ч байхгүй. Иймээс  төрөөс ч, баялагийг олборлогч компаниудаас олгосон нөхөн төлбөр байхгүй юм.  Ингэж  амьжиргаагаа алдсан малчид хотод ирээд “хогийн хүмүүс” болж байдаг. Ийнхүү  монголын газар нутаг, газрын дээрх доорхи баялаг, нүүдэлчин ард түмэн ямарч үнэ цэнэгүй “золиослогдож ирсэн, одоо ч золиослогдсоор” байна. Харийхантай нийлсэн манай улс төрчдийн шунал  харалган бодлогоор тэдний ”халаас түнтийж”   байгаль орчноо бурханчлан шүтэж хайрлан хамгаалж  ирсэн “Монголын  уламжлалт зан заншил” түүх соёлын дархлаа устаж байна.

Уул уурхай нь эдийн засгийн ач холбогдолтой гэхээсээ илүү байгаль орчин,нүүдэлчин малчдыг  устгаж  байгаа баримтаас ганц нэгийг дурьдвал…

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нэг малчин айлын бага насны хоёр хүүхэд уурхайн өрөмдлөгөөс шавхаж тогтоосон усанд унаж амиа алдсан бол насанд хүрсэн бас нэг хүү нь овоолсон шороонд мотоцикльтойгоо онхолдоод нас барчихсан байгаа юм. “Энэ уурхайгаас болж манайх гэдэг айл голомтоо самруулж зовлонг эдэлж явна. Өвөлжөө бууц, нутаг ус, бэлчээрийн  газраасаа хөөгдөж, гурван хүүгээ алдлаа” гээд нулимсаа барж яваа малчинтай таарсан. Гэтэл энэ хэрэгтэй холбоотой хэн ч хариуцлага хүлээгээгүй, хаагдаад өнгөрсөн байгаа юм.  Бид уул уурхайг ингэж эрдэнэт хүнийхээ амь нас, эрүүл мэндийг золиосолж хөгжүүлж байна гэж үзэх үү? \ХЭҮЗК-ын дарга Ж.Бямбадоржын илтгэлээс 2013он\

Мөн гэгээн цагаан өдөр Өмнөговь аймгийн Баяндалай сумын 3 айлын нэг гэртээ байсан хүүхэд эмэгтэйчүүд,эрчүүд бүгд 7 хүнийг уурхайн жолооч гэртэй  нь дайрч амь насыг нь бүрэлгэсэн аймшигт хэрэг гарсан. Гэтэл  Терра Энержи компаний Австралийн гадаад захирал нь айл бүрд 1 сая төгрөг өгөөд зугтчихсан байдаг.\ТВ-9-ын сэтгүүлч М.Бүжингийн мэдээллээс\  Энэ хэрэгт  манай төр засгийн эрх мэдэлтэй хүмүүс нэг нь ч эмэгнэл илэрхийлээгүй ус балгасан мэт таг чимээгүй л өнгөрсөн.

-Өмнөговь аймгийн Цогтцэций, Ханбогд, Гурвантэс суманд 2004 онд малчдын тоо 3000 гаруй гэгдэж байсан бол өдгөө энэ тоо 50 хувиар буурчээ. Эндээс бусад малчид хаачив, амьжиргаагаа хэрхэн залгуулж байгаа вэ гэсэн асуулт гарч ирнэ. Уул уурхайн компаниуд бэлчээр гэдэг бол нийтийн өмч гэсэн бодлогыг овжноор ашиглаж малчдыг идээшсэн газар нутгаас нь шахаж байна.  Уул уурхайн компаниуд улмаар тахилгатай овоонд өрөмдлөг хийж байгаа нь хэвийн үзэгдэл болсныг малчид хоолойгоо зангируулан ярьж байдаг. Нүүрсний тээврийн машинд дайруулан нас барах, гэмтэж бэртэх, уурхайн хилийн шав, тэмдэг тогтоож ухсан шуудуу, карьер цооног, өрөмдлөгөөс тогтсон усанд унаж нас барах зэрэг ноцтой осол их гарах нь ердийн үзэгдэл болжээ.

Зөвхөн  Өмнөговь аймгийн хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 350 зам тээврийн осол бүртгэгдсэн байгаа юм. Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайтын боомт, Нарийн сухайтын уурхайгаас Шивээ хүрэнгийн боомт хүртэлх нүүрс тээвэрлэлтийн замд гарсан ослын улмаас  26 хүн нас барж, 40 гаруй хүн хүндэвтэр болон хүндээр бэртсэн тоо байна. Энэ бүхнээс  харахад дайн самуун болж байгаа Иракаас ч илүү монгол  хүний эрдэнэт амь нас үрэгдэж,эрэмдэг зэрэмдэг болж байгаа жишээ баримт аль ч аймаг сумын нутагт ердийн үзэгдэл  болжээ.

Гэтэл УИХ, Засгийн газраас,  малчид бэлчээр газар нутаг,уух усаа булаалгаж амьдралаа алдаж хохирсоор байгаа ч тэдний эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчинг  бий болгох талаар ямарч санаачлага гаргахгүй  байна.

Харин ч хүн ба байгальд  ийм харгис үйл ажиллагаа явуулдаг уул уурхайг  улам тэлэх бодлогыг эрчимтэй явуулж жилд 1000 орчим тусгай зөвшөөрөл олгож байна.Энэ нь Монгол улс  төрийн бодлогоор  нүүдэлчин малчид, соёл иргэншлээ устгаж байгаагийн нотолгоо биш гэж үү?  Нүүдэлчдээ устгах  бодлогоо яаралттай хэрэгжүүлэхийн тулд  бэлчээрийг эзэмшүүлэх,хувьчлах гэж харийханы заавраар улайрч байна.

Бэлчээрийг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэх цаашид хувьчлах нь Өвөр Монголын малчид шиг  мөхөх  эмгэнэлт замруу шууд орох болно. Малчдад бэлчээрийг нь эзэмшүүлээд хувьчлаад өгөхөөр, аймаг сумынхаа бусад газар нутаг уул усыг бидний өвөг дээдсийн нутаг энэ тэр гэж заргалдах,тэмцэх  хүнгүй болно. Энэ эрхийг нь бэлчээрийн хуулиар хязгаарлаад өгөхөөр  уучлаарай энэ таны эзэмшилд хамаарахгүй, улсын өмч гээд л  болоо. Ингээд уул уурхайтай тэмцэх,зогсоох эзэнгүй болж тэдэнд дураараа дургих эрх чөлөөг олгох “далд бодлого” нь  бэлчээрийг эзэмшүүлэх хууль гэхэд  хилсдэхгүй.  Түүнээс бус гадаадынхан монголын бэлчээр талхлагдаад дууслаа эвий халаг минь цөөхөн нүүдэлчдийг аваръяа гэсэндээ бэлчээрээ хувьчлахыг шахаж шаардаж, түүнийг хэрэгжүүлэх хөрөнгө мөнгөө зүгээр хаяхгүй нь мэдээж юм. Монголд тэдний хэрэгжүүлсэн  уул уурхайн төслүүдээс өнгөрсөн 20 гаруй жилд ард түмэн бидний амьдралд наалдсан юм даан  ч байхгүй улам ядуурсаар байгаа нь бодит үнэн юм. Манай УИХГишүүд, сайд дарга нар хувийн өчүүхэн  эрх ашигаа нэгдүгээрт  тавьдаг.  Тиймээс сонгогдсон 4 жилдээ “халаас нь түнтийж” байвал  улс эх орон,ард түмний одоо ирээдүйн эрх ашиг гэж  бодож байгаагүйн  гай гамшиг нь  энэ хариуцлагагүй уул уурхай юм.

  1. Том гүрнүүдийн “далд бодлого” бэлчээрийн мал аж ахуй, нүүдэлчдийг устгах зорилготой юм.

Барууныхан Монголыг хүнгүй уул уурхайн нутаг “Minegolio” болгоно. Мөн цөмийн хаягдал булшлах хамгийн тохиромжтой нутаг гэдэг. Монголыг дэлхийн уул уурхайн хайгуул олборлолтын төв болгоно. 21-р зууны эрдэс баялагийн сүүлчийн дэлбэрэлт энд болж байна. Дэлхийн баячууд хөрөнгөө оруулж, энэ их баялгийг Хятадад хаяж өгч  хөрөнгөө өсгөх боломжтой гэж уриалсан байдаг. Тэд эдгээр  зорилгоо биелүүлэхийн тулд эрдэс баялагийн салбартай холбоотой бүх хууль дүрэм журам,гэрээг  төсөл хөтөлбөрөөр хийж өгч байдаг. Мөн элдвийн зээл тусламж олгож гарцаагүй байдал өрөнд  оруулж байна. Манайд  Оюутолгойгоос өөр барууны  гэх томоохон  уул уурхай бараг байхгүй. Тэдний ихэнх нь манай баялгийг “сул авчихаад” Хятуудад худалддаг, эсвэл олон  улсын хөрөнгийн биржд барьцаалж  хэдэн зуун сая тэрбумаар нь хөрөнгө босгож  байдаг. Ингэж олсон  хөрөнгөнөөс  монголд ямарч татвар  ордоггүйг  төр засгийн, эрхтэн дархтангууд мэдэж байдаг. Гэвч  тэд хувь ашиг хүртдэг тул  нүдэн балай чихэн дүлий байдаг. Ингэж  олсон ашгаа  Оффшорт хадаглуулчиж байна. Монгол улсын дампуурлын шалтгаан ердөө  энэ том луйварт байгаа  юм. Хар ухаанаар бодсонч ийм их баялагаа гадагш гаргаад дампуурах учиргүй.Үүний учрыг олох л хэрэгтэй юм.Хэрэв олж чадахгүй бол газар нутгаа өрөнд алдах болно.

Манай улсын эдийн засаг 100%  уул уурхайгаас хамааралтай.  Гэтэл  уул уурхайн эрдэс баялагийн 70%-80%-ыг Хятадын компаниуд эзэмшиж байна. Ингээд бид өмнөд хөршийн мэдэлд  дуртай ч дургүй ч орчихсон  байна.Хүний эрх ардчилал гэж ярих хориотой өмнөд хөрш, өнгөн дээрээ ч гэсэн хүний эрх ардчилал гэж ярьдаг барууныхнаас аюултай гэдгийг  монгол хүн бүр мэднэ. Бэлчээрийн тухай хууль ярьж байгаад улс төр, геополитик, уул уурхай яриад хадуурлаа гэж бодуузай.Энэ бүхэн  хоорондоо салшгүй холбоотой төрийн бодлогоор хийгдэж  байгаа юм.  Малчдын хүүхдийг 6 настай сургуульд оруулах хөтөлбөр, аймаг бүрд  10 000 орон сууц барих хөтөлбөр хэрэгжихээр  бүх айл өрх хамрагдаж хотжиж  малчидгүй болно. Малын элдэв халдварт өвчин “санаатай тарааж” бактерлогийн д хорлон сүйтгэх ажиллагаа  явуулж малыг бөөнөөр нь устгуулж  байна. Малаас гарах түүхий эд арьс,ноос,ноолуурын үнэ навс унаж үнэгүйдэж  байгаа нь малчдыг  амьдрах аргагүй болгож байна.  Энэ бүхэн санамсаргүй зүйл биш санаатай гадны  бодлогоор хийгдэж байна. Ази,Европын том гүрнүүдийн ашиг сонирхол нь нэгдэж, цөөхөн хүн амтай, асар том газар нутаг, баялаг ихтэй  буурай монголд  дээрх зорилгоо биелүүлэхийн тулд саад тотгор болоод байгаа, мал, малчдыг хурдан  нь устгаж  хотжуулах, газар нутаг  бэлчээрийг нь  уул уурхайд чөлөөлж  өгөх л гэж  бэлчээрийн тухай  хуулийг батлуулах гэж шахаж шаардаад байгаа юм.  Мөхөс миний хийж буй энэ анализ дүгнэлтийн үнэн худлыг  өнөөгийн засаг төрөөс явуулж байгаа бодлого, цаг хугацаа нотлоод өгөх байхаа.

  1. Нүүдлийн мал аж ахуй, бэлчээрийн эдэлбэр газар нь уул уурхайн хортой сөрөг нөлөөллөөс сүйрлийн шинжтэй байна.

Ямарч улс үндэсний хүнсний аюулгүй байдлын баталгаа бол батлан хамгаалах салбартай адилхан стратегийн амин чухал ач холбогдолтой гэж үздэг байна. Манай улсын  хүнсний аюулгүй байдлын баталгааны үндэс нь экологийн цэвэр бүтээгдэхүүн өгдөг нүүдлийн  мал аж ахуй, бэлчээрийн эдэлбэр газар юм. Гэтэл хөдөө аж ахуй буюу газар бэлчээр нь уул уурхайн хортой сөрөг нөлөөллөөс сүйрлийн шинжтэй байгааг  дээрх судалгаа харуулж байна.

  • Гэтэл Монголын төрөөс газар нутгийнхаа  40%-ийг  уул уурхайд эзлүүлэх  бодлого явуулж тусгай зөвшөөрлийг  хүссэн бүхэнд  интернетээр тараах “бүтээгдэхүүн” болгож зөвхөн 2015 онд 1000 орчим тусгай зөвшөөрөл олгогджээ. Одоогийн байдлаар хайгуулын болон олборлолтын тусгай зөвшөөрөл  нийлээд 4000 орчим болсон.  Газар нутгийн ихэнх нь 80% нь цөлжсөн,усны хомсдолтой манай оронд газрыг орвонгоор нь тэсэлж дэлбэлж хэдэн зуу метр гүн нүх ухаж баялгыг нь цөлмөдөг, гүний усны нөөцийг шавхаж хэрэглэдэг ийм уул уурхайг эрчимжүүлж байгаа нь үнэхээр байж боломгүй нүүдэлчдийг устгаж буй  аймшигтай харгис  бодлого юм. Уул уурхайн нөлөөллөөс бусад байгалийн дагалдах баялаг болох шимт хөрс ургамал,зэрлэг амьтаны аймаг ч устсаар байна.Үүнийг эдийн засгийн алдагдаж буй боломж гэдэг.Үүнийг тооцож ярьж байгаа шинжлэх ухааны байгууллага ч манайд байдаггүй.Тухайлбал: Уул уурхайн хайгуулын өрөмдлөгийн үед хэрэглэдэг  бэхжүүлэгч  бодис бентонит натрийг 1кг-г зуурахад 380 летр ус хэрэглэдэг байна. Мөн тоосжилт үүсэхээс сэргиийлж ус цацдаг зэргийг бодоход малчдын хэрэглэдэгээс  асар их ус хэрэглэж байна. Усны үндэсний төвийн  гаргасан судалгаанд:
  • Нүүрснээс түлш гаргахад – 9800 литр\ нэг тонн
  • Жоншны уурхайд –              1800 литер\нэг тонн
  • Цайрын уурхайд-                 1600литер\нэг тонн,
  • Зэсийн хүдэрт-                     4900л\нэг тонн
  • хүдэр боловсруулахад – 4600 литер\ нэг тонн
  • нефтийг усаар түрж гаргахад -1000 тонн ус\нэг тонн
  • Алт, цагаан тугалга,1мкуб элс угаахад -4100 литер\ нэг тонн ус тус тус хэрэглэдэг гэжээ. (Усны Үндэсний Төв)

Гэтэл энэ бүхнийг тооцож ярихгүй атлаа  бэлчээрийг доройтуулж сүйтгэдэг нь ганцхан мал юм шиг өрөөсгөл судалгаа гаргаж ,байгалийн хамгийн цэвэр бүтээгдэхүүн өгдөг буянт малаа цөөлөх устгах бодлого хэрэгжүүлж, бэлчээрийг хувьчлах  хууль батлах гэж байна. Бэлчээрийг мал талхлалаа сүйтгэлээ гэхэд нүүгээд 1-2 жил өнжөөд ирэхэд сэргэчихсэн байдгийг монголчууд мэднэ. Гэтэл уул уурхайгаас   хэзээ ч нөхөж сэргээгдэхгүй  хэдэн зуу метр гүн ангал нүхнүүд,үхсэн хордсон газар шороо хойд үедээ үлдээж байгааг бид өдөр бүр харж мэдэрч байна.  Монголын мал 60 саяд хүрсэн гэдэг ч амаар бичсэн эргэлзээтэй тооллого юм. Малчид банкнаас зээл авахын тулд малынхаа тоог өсгөж тоолуулдаг “банкны мал” гэж ярьдаг.Энэ  худал тоонд итгээд малаа цөөлөх юм бол монголчууд хэзээ ч үзээгүй өлсгөлөнд  шууд орох болно. 1990 онд лангуунд давснаас өөр хүнсгүй болсон тэр  үед буянт  малынхаа ачаар өлсгөлөнгөөс аврагдаж байсныг бид мэднэ.

  1. Дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчин соёл иргэншлээ ямар нэг хэмжээгээр авч үлдэх нь хүн төрөлхтөний өмнө Монголчуудын хүлээх үүрэг юм.

Үнэ цэнэтэй  уламжлалт бэлчээрийн мал аж ахуйгаа, ашиг өгдөггүй  өрөнд оруулж сүйрэл мөхөл дагуулсан уул уурхайгаас “тусгаарлан”авран хамгаалж авч үлдэх нь Монгол гэдэг бусдаас ялгагдах онцлогтой үндэстэн оршин байх эсэх үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал юм.

Иймд: Олон зууны турш монголчуудын амьжиргааны эх үүсвэр болсон байгаль цаг уурын шалгарлыг даван туулсан экологийн жинхэнэ цэвэр бүтээгдэхүүн өгдөг ямарч зардалгүй  өсөж үрждэг шавхагдашгүй нөөц баялаг болох уламжлалт  бэлчээрийн мал аж ахуйгаа үндэсний баялаг өв  болгон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагад “Даян дэлхийн ач холбогдол бүхий хөдөө аж ахуйн өв газар”-гэж  бүртгүүлэх ажлыг яаралттай хийх хэрэгтэй байна.

Үүний тулд.Монголын  газар нутгийн ихэнхийг улсын бэлчээрийн нутаг болгон тогтоож дэлхий дахинд зарлаж хамгаалалтанд оруулах, тэнд зөвхөн бэлчээрийн мал аж ахуйг л эрхлэх, эзэмшил тогтоохгүй байх , эрдэс баялагийн салбар оруулахгүй байх,  улсын мэдэлд байлгах хуультай болох шаардлагатай байна.

Дэлхийн хамгийн сүүлчийн нүүдэлчин соёл иргэншлээ ямар нэг хэмжээгээр авч үлдэх нь хүн төрөлхтөний өмнө Монголчуудын хүлээх үүрэг юм.  Ашиг олж хөгжиж чадахгүй уул уурхайн  хөлд үрэгдсэнээс  “Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдармаар байна” гэсэн яруу найрагч Ц.Хулангийн үг өнөөдөр нүүдэлчдийн хүсэл мөрөөдөл болоод байна . Ийм учраас улс төрчид   минь  өөр хаана ч байхгүй үндэсний үнэт  өв болох нүүдлийн бэлчээрийн мал аж ахуйгаа устгах гэж улайрч яарах хэрэггүй. Та бүхний  минь  эдийн сав аль хэдийн дүүрээд сагаж байна. Иймд улс үндэстнээ  бодоочээ!  аварч хамгаалаа чээ !!!

Баяншарга ТББ  Л.Бор  2016.05.11

Хамаарах ангилал: Газар нутаг

Сэтгэгдэл үлдээх

Сэтгэгдэл үлдээх
CAPTCHA Image
Reload Image
© 2012 Зохиогчийн бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Powered by SmartDesign.